Dr.Web програмыг
татаж авах

Та вэб сайттай болъё гэж бодож байна уу? Тэгвэл… #9

Технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед вэб сайт нь танай байгууллагын цахим оффис, нэрийн хуудас болоод зогсохгүй хувь хүний өөрийгөө илэрхийлэх хийж бүтээснээ бусдад таниулах гарц болоод байна. Тиймээс хэрэв та вэб сайттай болохыг хүсч байгаа бол танд технологи талаас 2 чухал зүйл хэрэг болно. Домайн хаяг + Сервер гэж та сонсож байсан бол эдгээр нь вэб сайтад зайлшгүй хэрэг болдог зүйлс юм. Харин бусад шаардлагатай зүйлсийг доорх 4 үе шатанд хувааж бичлээ. Хүлээн авч уншина уу.

1. Хүсэл зорилгоо тэмдэглэ

Та вэб сайттай болохыг чин сэтгэлээсээ хүссэн үү? Түүндээ юу оруулах ямар мэдээлэл байршуулах ерөнхий хар зургаа гаргасан уу гэдэг асуултыг өөрөөсөө нэг асуугаарай. Аль хэдийнэ та энэ талаар нухацтай бодож байгууллагатаа эсвэл өөртөө вэб хийлгэх гэж буй бол ерөнхий төлөвлөгөөний хар зургаа сайн гаргаарай. Үүнд ямар нэг стандарт байдаггүй ба та өөрийнхөө дотор бодогдож буй санааныхаа тухай шууд л А4-ийн бичгийн цаасан дээр бичиж тэмдэглэ. Таны вэб сайт доошоо гүйлгэхэд урт байхаар төлөвлөж байгаа бол мэдээж бичгийн цаасаа босоогоор нь байршуулж байгаад хаа хаана юу байрлахыг ямар нэг дүрс ашиглаад зурсан ч болно. Ингээд төлөвлөгөө зургаа сайн гаргаж чадвал танд үнэхээрийн хүсэл зорилго дүүрэн юм байна гэж ойлгоорой.

2. Хэрэгцээ шаардлага

Миний вэб сайтыг хүмүүс хэрхэн хүлээж авах вэ? Хандаж үзэх үү? Миний бодол санаанаас яг юуг нь илүү сонирхох вэ? гэдэг талаар бодох үе. Эцсийн хэрэглэгчдээ тооцох бөгөөд тэдгээрийн сонирхлыг таамаглаж агуулгаа чиглүүлж бодоорой. Хамтрагч байгаа бол түүнтэй ярилцаж үзэх хэрэгтэй. Үүний дараа бодол санаа + төлөвлөгөөний хар зурагтайгаа хамт вэб хөгжүүлэгчтэй уулзаарай. Хөгжүүлэгч таны бэлтгэсэн зүйлстэй танилцаж хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Вэб сайт бүтээх үйл ажиллагааны 50%-ийг энэхүү шаардлагын үе дангаар бүрдүүлдэг тул эхлээд хэрэгцээгээ сайн тодорхойлоод хөгжүүлэгчдээ өөрийн санаагаа ойлгуулж чадвал ажлаа том нугална шүү. Таны төлөвлөгөө тодорхой харагадаж шаардлагаа ойлгомжтой ярьсан бол шууд гэрээ байгуулах боломжтой гэж хөгжүүлэгч өөрөө танд хэлж магадгүй.

3. Хөгжүүлэлтийн үе

Эхний хоёр шатны төлөвлөгөө + шаардлагын үеийг давсны дараа хөгжүүлэлтийн үе яригдана. Түүнээс ямар ч бичиг хар зураггүй эсвэл бодол санаагүй энэ үеийг эхлүүлнэ гэж байдаггүй. Таны бэлтгэсэн шаардлагын дагуу хөгжүүлэгч ажиллах бөгөөд тодорхой календарын хугацааг тохирч сайт бүтээх явцыг эхлүүлдэг. Вэб сайтыг програмчлах ажиллагааг мэдээж хөгжүүлэгчийн сонголтонд тулгуурлана. Тэгэхдээ та ямар компани эсвэл хувь хөгжүүлэгчтэй уулзсан эсэхээс хамаарч технологийн ялгаа гардаг гэдгийг анхаараарай. Програмчлалын ажиллагаа дуусч танд хүлээлгэн өгөх үед яг таны анхны санаа мөн үү гэдгийг мэдээжийн хэрэг та нягтална. Энэ үед та хөгжүүлэлтийн үедээ явж байгаа бол дахин өөрчлөлт сайжруулалтыг ярьж болно шүү. Иймээс л найдвартай, эргээд холбогдоход утсаа авчихдаг хөгжүүлэгч эхний ээлжинд танд хэрэг болох болов уу

4. Хүлээн авах

Хөгжүүлж дууссан бол вэб сайтаа хүлээн авна. Ажиллаж байгаа вэб сайтаа эхний санаанд хэр дөхөж очсоныг хамгийн түрүүнд харах нь чухал. Дараа нь товч тус бүрийн ажиллагааг үйлдлээ зөв гүйцэтгэж байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Заримдаа мэдээллийг хадгалах товч засах үйлдэл гүйцэтгэж байх тохиолдол ч байдаг. Вэб сайт руу домайн нэрээр нь хандаж үзэхэд хурдан байх ёстой бөгөөд цэс хооронд шилжихдээ дотоод санах ойгоо ашиглаж бүр хурдан ажиллаж байхыг чухалчлаарай. Ингээд сайтын ажиллагаа хэвийн байвал ашиглах зааварчилгааг хөгжүүлэгчдээс авч өөрөө сурахыг эрмэлзэх ёстой. Энэ нь таныг вэб сайт хийж сур гэсэн үг биш харин зүгээр л өөрийн вэб рүүгээ агуулга мэдээлэл оруулж дадлагшихыг хэлнэ. Эцэст нь таны ч хөгжүүлэгчийн ч сэтгэл хангалуун байвал хүлээн авах баталгаажуулсан баримт /акт/ үйлдэж гарын үсэг зурснаар та вэб сайттай болж байгаа хэрэг юм. Энд нэг чухал зүйл хэлэхэд хөгжүүлэгчтэй байгуулсан гэрээн дээр баталгаат хугацаа байх ёстой. Хэрэв 1 жил бол хүлээн авснаас хойшхи 365 хоногийн хугацаанд ямар нэг эвдрэл үйл ажиллагааны доголдлыг хариуцаж засварлаж өгөх юм. Хугацааг хэдэн ч жилээр тохирч болно. Хамгийн чухал нь найдвартай ажиллагаа юм шүү.

Эдгээр 4 алхмыг багцалж бичсэн учраас танд вэб сайт бүтээх явц нь хялбархан санагдаж магадгүй. Нарийвчлан дэлгэрүүлж бичвэл хэд хэдэн үе шатанд хуваагддаг учраас тэдгээрийг дараа дараагийн нийтлэлээр хүргэхээр бэлтгэж байна. Та түр хүлээгээрэй 😀

Жишиг вэб сайтууд

 

 

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing

One Comment

Comments are closed.